Хайлт:    
 
 
Нүүр » Нийтлэл
Оюун удамшина
Бичсэн: Admin    Огноо: 2007.05.08 - 05:51

Хан-Уул дээд сургуулийн захирал,
Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн
тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл
  Монгол хэлэнд үндэс, угсаа, удам-судар, угшил, гарвал, язгуур, ясны, цусны, төрөл гэхчлэн лут үгс олон таарна. Эдгээр үгс хоршин хүч нэмж агуулга мөн чанараа тодотгох нь ч бий, тухайлбал үндэс угсаа, яс угсаа, удам угсаа, угсаа гарвал, ясан ба цусан төрөл, язгуур угшил, . . . гэхчлэн.
Бас угсаатан, язгууртан, үндэстэн, удамшил, гарвал зүй . . . гээд хөвөрч өгнө. Агуулга, мөн чанар нь байгаа учраас л нэр томъёо үгс үүссэн хэрэг. “Тийм байх ёсгүй ээ, удамшил зүйн ухаан гэж байхгүй ээ, ахуй орчин бүгдийг тодорхойлно, тэрээр анхдагч нь, . . . , энэ талаар дахин дуугарвал толгойтой чинь ярина шүү . . .” гэх дуун сонсогдохгүй болсоор даруй 17 жил болов. Хүмүүс угшил, удам, угсаа, гарвал гэдэг үгсийг өөр хоорондоо хэлэлцэх болжээ.

Монголчуудыгаа 3 хуваая, нэгдэх нь, мал аж ахуй эрхлэгчид, удаахь нь биеийнхээ хар хүчээр хөдөлмөрлөгчид, гурав дахь нь мэдээж оюуны хүчээр амьдрагсад. Хуучныхаар малчин, ажилчин, сэхээтэн юм даа.

Эхний бүлэг хүмүүс дээр дурдсан үгсийг өөрийн ажил дээр чадварлаг хэрэглэдэг бөлгөө . . . монгол малын нутгийн олон омог, үүлдэр, угсаа буй болжээ . . . энэ талын санаачлагыг хуучин цагт ч хорьж байгаагүй юм, харин ч дэмжиж байсан . . . шинэ үүлдэр угсааны мал сүрэг буй болгосон сэхээтэнд төрийн шагнал өгдөг журамтай байв, одоо ч хэвээрээ . . . Гадаадаас үр сайтай бух, сүү сайтай үнээ, аржгар үстэй хонь авчирч ариг гамтай ашиглаж байв. Казахын цагаан толгойт бухны таалалд нийцэж үрийг нь авах монгол үнээг олох ажил ундарч 300 техникчид хөлсөө гоожуулж байв даа . . .Монголын төр монгол малын угшилыг сайжруулахад сүрхий анхаарч байж, анхаарах ч болно, . . . аргагүй ээ, идэх хоол юм чинь, ядаж л бандгар том сүүл, нугалам илүүтэй ууц, . . . цагаан сараар ширээний чимэг . . . Yүний ард шинжлэх ухааны хэлээр бол “Махбодын удамшил зүй” байгаа юм. Малчид баярлах нь цөөн, гэхдээ зун сайхан баярладаг, наадмаар мориныхоо хурдыг үзнэ, нэр төр байна хө . . . угшил сайтай азарга, удам сайтай гүү олох гэж өдрийн бодол, шөнийн зүүд . . .

Тогос хээр, Тогоруу халтар, Аравгар хээр, Аранзал зээрд . . . Хурдан морины гадаад шинжүүдийг тоочсон, шинжих аргуудыг заасан ном эрэлт ихтэй болжээ. Энэ сайн хэрэг, хөгжиж л байг . . . Араб үүлдрийн азрага Ерөнхийлөгчийн бэлгэнд ирсэн гэсэн . . . сураг нь гараад л таг чиг . . . тэр сайхан адуу зовоо бол уу? жаргаа бол уу, яагаа бол? хөөрхий, хөөрхий, . . . амьтан, хүнд ялгаа нь юу байна.

Хоёрдахь бүлэг хүмүүс биеийн хүчийг гойд үнэлнэ, ажил нь ч үүнийг шаардана, үе үе баярланаа, үздэг юм нь БӨХ. Хөлсөө дуслуулж, хүчээ барагдтал зүтгэсэн “ажилчин” хүн амрахаараа интернет ухаж, оюун хөгжүүлэх хүнд тест-сорилтой ноцолдох нь юу л бол, гар хуруу нь том, бие бялдар нь лагс, компьютерийн гар хулгана хоёр тэсэхгүй ээ . . . няцарна. Тийм хүн бөхийн өргөөнд налайж суувал ёстой жаргал нь тэр . . . Бөхийг монголын төр онцгой дээдэлнэ. Тэр нь ч үндэстэй, төрийн их баяр наадмын гол чимэг нь энэ хэдэн хар бөх. Ясныхаа хөлсыг дуслуулж, хүч бяраа шавхаж, нар борооны дор наадамчин биднийг баярлуулах л гэж тэд өдөржин шөнөжин өөр хоорондоо ноцолддог билээ.
Бөх судлаачид маань монгол бөхчүүдийн удам угшилыг ч сайн судалжээ, доктор профессорууд олон төрөв. Энэ сайн хэрэг. Бөх удамшдаг ажээ. Бөх удамшина гэдэг нь биеийн хүч удамшиж байна гэсэн үг. Монгол хүүхнүүд удамт бөхийн өвөрт орохоор уралдаж, уралцаж байгаа гэлцэнэ. Эм хүйс нарийн мэдрэмжтэй. Тэд нэгийг мэдэрч нөгөөг бодсон хэрэг. Төрөлхийн зөн, совин нь барагтай бол алдахгүй дээ. Морины хурд, бөхийн хүч удамшихын ард Шинжлэх ухааны хэлээр бол “Эрчим”-ийн удамшил зүй байгаа юм.

Одоо 3 дахь бүлэг хүмүүс . . . Тэд хурдан морь, хүчит бөхөөс хөндий хүмүүс. Угаасаа ажил нь тийм юм. Тэд оюуныг сонирхоно, оюунаа хөгжүүлнэ, ахуй нь, ажил нь оюунжсан байдаг. Эдгээр хүмүүс оюун ухаан гэдэг нь малын жин, хүн-амьтны хар хүчнээс өөр болохыг өөрсдөө эрх биш мэдэрнээ . . гачлантай нь дуугүй байцгаана . . ., айлгасаар байгаад, айсаар байгаад зүрхгүй, зориггүй болчихсон юм, олонх нь. Зарим нь бүр өөрөө өөртэйгээ зөрчилдөх болсон. Махбод, Эрчим хоёр л удамшина, харин оюун удамшихгүй, оюун ухаан муухай . . . гэж үглэсээр байж доктор болоод, . . . тэгээд малын удамшил хөөцөлдсөөр өөрийн удамшлаа золиосонд гаргасан нь ч бий. Харамсалтай хэрэг шүү . . . Хурдан морьтой юмуу хур хар хүч биедээ шингээсэн бол тэрээр төрийн ч БААТАР, түмний ч БААТАР. Монгол эрийн цог хийморь унасан хүлэгт нь, удамласан хүчинд нь оршдог бололтой. Оюунтай бөгөөд шударгажуу бол тэрээр төрийн ч ДАЙСАН, түмний ч ДАЙСАН . . .Монгол хүнийг амьтан-малтай адилтгасан энэ муухай хандлага улам л тэлээд, гүнзгийрээд байх шиг . . . Yзэл суртал ирээгүй үед, эсвэл хүрээгүй газарт монгол хүн эрүүл сэтгэж байжээ. Эрүүл сэтгэхээр үнэн тодордог ажээ. Монголын ард түмэн мал дагаж явахдаа ч, бөх барилдуулж суухдаа ч, өөрийн удам угсаагаа бодсоор байжээ. Ганцхан жишээ гэхэд л, Угийн бичгийг ямар нарийн журамтай хөтөлдөг байсан гээч . . . Yүний ард шинжлэх ухааны хэлээр бол оюуны удамшил зүй байгаа юм.

Асуулт: Таны санааг баримжаалав, махбод, эрчим, оюуны удамших чанар нь яг хэдэн хувь байдаг бол?, дэлхийн шинжлэх ухаанд үүнийг тогтоосон уу?, их л маргаантай байдаг гэсэн?
  
Хариулт: Маргадаг нь үнэн, гэхдээ тогтоосон ерөнхий жишиг бий. Махбод, эрчим хоёр хамтраад удамших чанар нь 40%, үлдэх 60% нь оюуны удамшил, өөрөөр хэлбэл, оюуны удамшил нь махбод, эрчмийн хамтын угшилаас 50% илүү. Тодруулбал 10 бөхөөс бөх хүүхэд удамших нь 4 бол 10 сайн оюунтай хүнээс 6 хүүхэд нь сайн оюунтай төрнө гэсэн үг. Yүнийг манай ард түмэн мэддэг, хэрэгжүүлдэг байсан. Удам сайтаас бэр ав, угсаа сайтад хүргэн ор . . .
Хэрвээ махбод, эрчмийн хамтын удамших чадвар нь оюуны удамших чадвараасаа илүү гарвал тэр объект нь хүн талдаа бус, амьтны талдаа ойртоно. Yүнийг малчид сайн мэднэ, тэд хурд сайтай азрага, жин ихтэй бух гэхээс ухаантай адуу, IQ өндөртэй үхэр гэдэггүй билээ.
Асуулт: Хүмүүс уурлана даа, чи хүнийг үүлдэржүүлэх гэж байна, . . . гээд л эхлэнэ, энэ төр гуай олон түмнийхээ талд ороод таныг дарамтлаад эхлэх биз?

Хариулт: Олон түмэн гэдэг хэцүү нь хэцүү, гэхдээ тэд ойлгох хэрэгтэй, махбод удамшиж байна, бас эрчим хүч удамшиж байна, тэгэхлээр яагаад тархи-оюун удамшихгүй гэж? Хэрвээ тархи-оюун удамшидаггүй гэвэл хүнээс хүн биетэй, хүн шиг хүчтэй, гэхдээ амьтан төрж болох л байсан . . . гэтэл ийм тохиолдол байхгүй. Оюуны удамшлын асуудал уг нь Төрийн хар хайрцагны бодлогод хамаарах учиртай. Төр бодлого гаргаж нарийвчилсан судалгааг эхлүүлмээр байна.

Асуулт: Энэ талаар урьд өмнө хийгдсэн судалгааны ажил бий юу?

Хариулт: Албан ёсных бол байхгүй. Харин сум, аймагаар оюуны тархалтыг тоймлосон нь бий. Ардын багш Ш.Шагдар гуайд энэ талаар материал бий байх. Монголд “Оюун ухааны газар зүй”-г хөгжүүлмээр байна. Нэг сумаас 70 гаруй доктор төрж байхад өөр нэг сумаас өөдтэй ганц дэд эрдэмтэн гарахгүй байгаагийн цаад учир юу бол?

Асуулт: Удамшил зүйн ухааныг нам төрөөс хүчээр хаасны хар гай монголд их хор хөнөөл авчирсан нь илт байна. Гадаад оронд энэ чиглэлийн судалгаа хэр хөгжсөн бол?

Хариулт: Ёстой хол тасархай хөгжсөн. Санаанд оромгүй үр дүнд ч хүрч буй. АНУ-д хүний геномийг унших явцдаа оюуны удамшлыг зөөгч багц генийг тогтоосон аж. Япон-Монголын эрдэмтэд оюуны өндөр чадавхийг зөөгч генийг тодруулахаар хамтран чармайж байна.
Дэлхийн нэрт ирээдүй судлаачид “Мөд хүн төрөлхтөн хүний оюуныг төдийгүй зан чанарын тодорхой шинжүүдийг зөөгч генүүдийг мэддэг болно, тэгээд тоонд сайн, физикт муу, хэт туйлширдаг, нэт голч, амархан уйлагч, аяархан матагч, хутган үймүүлэгч, хуйлран дагагч, нам хөөцөлдөгч, ном хөөцөлдөгч, нэр хөөцөлдөгч, эр хөөцөлдөгч, ерөнхийлөгчид заяагдсан хүн, ерөөсөө “ажилчин зөгий” гэхчлэн өвөрмөц оюунтай хүмүүсийг төрүүлнэ, бүтээнэ” гэх болов. З
арим нь цаашлуулж, үнэнийг хэлэхэд, хүн үйлдвэрлэдэг одоогийн арга хоцрогджээ, махан биеэр ойртох нь маш муухай хэрэг, оюун ухаанаараа шадарлах нь ончтой зөв арга гээд ижил хүйстэн . . . , хамтран амьдрах, . . . аман секс . . . бэлгэвч, эм тан . . . , ДОХ . . . озоны цоорхойн аюул . . . энээ тэрээ бол эрхбиш “нэг юм” хэлээд байна, . . . энэ жендэр гэдэг чинь явж явж хүүхдээ ээлжлэн олох, гаргахад хүргэх нь . . . эр, эмийн ялгаа эрс багасав, залуусыг гаднаас нь хараад танихаа болив . . . алсдаа хүнийг хувцас машин лугаа захиалан үйлдвэрлэдэг болно, бие-оюун сайтай эрчүүдийн үрээр төв ази, өмнөд америкийн гуя хас нь гайгүй эмэгтэйчүүдийг зохиомлоор хээлтүүлэн тэднийг “зөөгч” болгох, тухайлбал Шварцнегр шиг биетэй, Дагвадорж шиг эрчтэй, Билл Гейтс шиг оюунтай хүн үйлдвэрлэнэ . . . гэхчлэн бичиж байна. Нөхөдөө! Энэ чинь тоглоом биш шүү . . . , технологи нь шийдэгдсэн юм. Асуулт: Одоо тэгээд яах вэ? Ийм хачин юм гэж байх болуу? Хариулт: Ямар ч гэсэн хүмүүс бид уламжлалт аргаа тийм ч амархан хөсөр хаяхгүй байх. Манай монгол арга бол дэлхийн стандартад дүйцдэг юм билээ. Гагцхүү оюуны удамшлын элементээр баяжуулбал онох нигууртай.

Уриалга. Монголчуудаа! Малын угшил, Бөхийн угшил гэж байнга ярьж, хүчтэй сурталчилж тэр зүгрүү хуйлран гүйдэг шигээ Оюуны удамшил гэж ярьж бичиж бас ханарч сурцгаая. Хүн бүр чанга дуугаар “Удам сайтай эр, угсаа сайтай охин, төрөлхийн оюунтай эрдэмтэн . . . тэр хүний төд дэх удам нь манай энэ болой, манай сум, бригад, овог нь тийм ийм оюуны өндөр чадавхитай, нотолгоо нь энэ, тэдний гарал угсаа нь тэндээс эндээс угшилтай” гэхчлэн хэлэлцэе. Хэрэлдэж байхаар хэлэлцэж суувал онох бусуу?

Тодотгол: Малын угшил нь монгол хүний идэш уушны асуудал. Бөхийн угшил нь та бидний зугаа цэнгээний асуудал. Оюуны удамшил нь монгол хүний хөгжлийн тулгуур асуудал. Оюун ухааны эринд Оюуны удамшил онцгой чухал. Өрх бүр, бригад бүр, сум бүр, аймаг бүр, хот бүр оюуны удамшлын асуудлыг анхаарч, дотроо бодолтой, дороо суурьтай хөдөлмөөр байна.Yүнийг бүү орхи. Орхивол бид боол өрх, боол бригад, боол сум, боол аймаг, боол хот, эцэст нь боол улс болно. Бодтугай . . . Хэрэгжүүлтүгэй.

 
2366 удаа уншигдсан    Буцах